15
2012
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны санал дүгнэлт
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны санал дүгнэлт
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2012 оны 1 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд хуралдаж, МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт тавьсан албан шаардлагын талаар санал солилцох, хамтарсан ажлын хэсэг байгуулах, тэтгэврийн зөрүүг арилгах болон суурь тэтгэврийн хуулийн асуудал, эрүүл мэндийн даатгалын асуудал, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн биелэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өсөлт, валютын ханшны өөрчлөлтийг судалж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талын хамтарсан ажлын хэсгийг Үндэсний хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаар ахлуулан байгуулж ажиллуулсан.
Үнэ, валютын ханш, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг судлах, дүгнэлт хийх чиглэлээр ажлын хэсэг нь дотроо 3 хэсэгт хуваагдан ажиллаж, мэдээллийг Үндэсний хорооны хурлаар хэлэлцсэн.
Ажлын хэсэг нь төгрөг валютын ханш, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өсөлт, цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбогдсон тооцоо, судалгааг хийх, бусад холбогдох байгууллагаас гаргасан дүгнэлттэй харьцуулан судалж, УИХ, Засгийн газарт дараахь саналыг хүргүүлж байна.
Монгол Улсын Их Хуралд:
- Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй Монгол банкны үйл ажиллагаанд дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах;
- Гадаад худалдааны голлох валютын ханшны долоо хоногийн хэлбэлзэл 2 хувиас дээш гарах тохиолдолд Монгол банк нь Засгийн газар /Ерөнхий сайд/-тай авах арга хэмжээг зөвшилцөж шийдвэрлэдэг байх, Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд мөнгөний бодлогын зөвлөл байгуулах, уг зөвлөлд төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах тухай заалтыг Валютын зохицуулалтын тухай хуульд нэмж тусгах;
- Америк доллартай харьцах төгрөгийн ханшийг огцом өсөлтийн өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүргийг Монгол банкинд өгөх;
- Төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх;
- Улсын Их Хуралд өргөн бариад байгаа “Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулга болон “Худалдааны тухай” хуулийг хугацаа алдалгүй батлах.
Монгол Улсын Засгийн газарт:
- Автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг өсөлтийн өмнөх түвшинд хүртэл бууруулах талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шийдвэрлэх;
- Шатахууны хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, улирлын хэрэглээний нөөц бүрдүүлэх ажлыг түргэвчлэх;
- Аймаг, нийслэлийн Засаг дарга нар, иргэд, аж ахуйн нэгжүүдэд байгаа махны нөөцийн судалгааг нэн даруй гаргаж, томоохон хот, суурин газруудад махны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах;
- Цаашид махны нөөцийг баталгаатай байлгахын талд “эргэлтийн сан” байгуулж, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээр дэмжих;
- Жижиг, дунд үйлдвэр, бичил бизнес болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор орлогын татварыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ ногдох орлогын босгыг өсгөх, бага дунд орлоготой иргэдийн ХАОАТ-ын хувь хэмжээг бууруулах буюу чөлөөлөх, банкны зээлийн хүүг бууруулах зэрэг тодорхой арга хэмжээний санал боловсруулж, УИХ-д оруулах;
- Өрсөлдөөний тухай хуулийн дагуу зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй хамтын удирдлага бүхий зөвлөлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулан ажиллуулах;
- Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо ням гариг буюу 2012 оны 1 дүгээр сарын 29-нд хуралдаж, цалин хөлс нэмэгдүүлэх, валютын ханш, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах ажлын хэсгийн мэдээллийг сонсч, УИХ, Засгийн газарт хүргүүлэх санал, дүгнэлтээ гаргасан байна.